Монгол угсаатны хувцас нь тус орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ.Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэж судлаачид үздэг.Хүннү (МЭӨ III- МЭ I зуун) нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон монгол хувцасны хамгийн эртний дурсгал юм. Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын дотор Хитан нарын хувцас эртний монгол хувцасны уламжлалыг гүнээ хадгалсаныг судлаачид тогтоосон байдаг. Тэдний дээл нь зөв дарсан ташуу энгэртэй, гутал нь ээтэн хоншоортой, толгойн өмсгөл нь хив малгай, юүдэн, алчуур болохыг түүхэн зургаас харж болно.
Дундад зууны үед монголчуудын хувцас, чимэглэл нь улам төгөлдөржиж, Мөнх хаан (1252 онд), Хубилай хаан (1275 онд) нар тайлга ёслолын хувцасны хуулийг тогтоожээ. Ийнхүү хуульчлан тогтоосоноор тухайн хүний зэрэг дэв, оролцох үйл явдлын дагуу хувцас, өмсгөл нь ёслолын, албаны, цэргийн хувцас хэмээн ангилагдаж байжээ. Энэ үеийн монгол дээл нь ташуу зөв энгэртэй байсан бөгөөд бүдүүн цэмбэ, арьсан дээл өмсдөг байснаа хожим торгомсог бөс дээл өмсөх болжээ. ХV-XVII зуунд монголчуудын дээл зонхилон мөөрөлжин энгэртэй байв. ХVII зууны үед монголд буддын шашин дэлгэрсэнээр монгол ламын хувцас өвөрмөц онцлог бүхий хэв маягтай болжээ. Монгол лам нар ташуу мөөрөлжин энгэртэй, урт уужим ханцуйтай дээл өмсөж байжээ.
Манж чин улс ХVII зууны үеэс хятад, монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар манж хувцасны зарим хэв маяг дэлгэрсэн байна. Манж чин улсаас "Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт" монгол ван, гүнгүүдийн цол хэргэм, зэрэг дэвийн хувцасны маяг, хэрэглэх зүйлийг хуульчилсан байна. Ингэснээр монголын ноёд, тайж нар ван, гүн, бэйл, бэйс зэрэг шинэ цол хэргэмтэй болж манж ямбаны хувцас өмсөх болжээ. Манжийн ноёрхолын үед монгол эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж, дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон ба дээлийн ханцуй нударгатай болжээ. Харин лам болон эхнэр хүний дээлэнд эртний монгол дээлний мөөрөлжин энгэр хэвээр хадгалагдаж байсан.
Эрт үед монгол эхнэрүүд өндөр оройтой богтаг малгайтай, 2 салаалж сүлжин дугтуйлсан (үсний гэрэнд хийсэн) үстэй байснаа ХVII зууны үеэс зарим ястны тухайлбал, мянгад, халх эхнэрүүд дэргэр үс самнах болж дээлэнд нь өөрчлөлт орж дөрвөлжин энгэр, түнтгэр мөр дэлгэрчээ. Үсээ дэрийлгэн хавчих болсноос "толгойн боолт", "үсний хавчаар", "үсний гэр" хэрэглэх болж, мөнгөөр урлах болжээ. Халх эхнэрийн толгойн боолт нь эрт үеийн богтаг малгайнаас улбаатай гэдэг.
1911 оноос хойш Монгол улсын хаан, хан, ван, гүн, бэйл, бэйс, тайж, түшмэдийн өмсгөл эдлэл хэрэглэлийн хэв маягийг шинэчлэн тогтоосон боловч манжийн үеийн хувцасанд бага сага өөрчлөлт оруулсан. Богд хаант Монгол улсын үед лам нарын ямбаны хувцас, цэргийн дүрэмт хувцасны хэв маягийг бас журамлан тогтоожээ.
1921 оны Ардын хувьсгалын дараах үеэс монголын хуучны төрийн ямба ёслолын хувцас орхигджээ. Ялангуяа 1930-аад оноос нийтээр энгийн хийцтэй дээл хувцас хэрэглэх болсны сацуу хотшил, үйлдвэржилт, оросын соёлын нөлөөгөөр европ хувцас дэлгэрч эхэлсэн. Орчин үед дэлхий нийтэд даяарчлал өрнөж, дэлхийн үндэстэнүүдийн эдийн соёлын харилцан нөлөөлөл чөлөөтэй болсон энэ үед монголчуудын уламжлалт хувцас хөгжлийн зүй тогтлоороо шинэчлэгдэж байна.
0 comments:
Post a Comment